IMG-LOGO
 2022-04-08

Шөнөөр харьдаг шүүгчийн туслахууд

   

 

       Баянзүрх дүүргийн хүн ам жилээс жилд өсөж, хороодын тоог нь 15-аар нэмж, бүтцийг нь дахиад зохион байгуулахдаа тулаад буй. Түм түжигнэж, бум бужигнасан ийм нэгэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг сурвалжиллаа. Иргэний хэргийн шүүхүүд жилд 40 000 хэрэг хянан хэлэлцдэгээс, оролцогчдын 0.6 хувь нь давж заалдах, 0.3 хувь нь дээд шүүхэд ханддаг гэсэн. Эдгээр 40 000 хэргийн 5800 орчмыг нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ.

 

       Сурвалжилгаа тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтайтай уулзахаас эхлүүлэв. Тэрбээр, “Манай иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 онд өмнөх оны 1042 нэхэмжлэл дээр нэмж, 8491 хэрэг хүлээн авч, нийт 9533 хэрэг нэхэмжлэлд ажиллагаа явуулсан. 2329 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 84-ийг буцааж, 76-г харьяаллын дагуу шилжүүлж, 59-ийг татаж авсан. Товчхондоо, 2021 онд 2023 хэргийг шүүхээр, 2324 хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэж, 1057 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн” гэв.

 

       Ингээд шүүгчийн туслахууд хамгийн ачаалалтай ажилладаг гэсний дагуу тэдний нэгтэй уулзлаа. Олон хүн цугласан, хөл гишгэх зайгүй шахам умгар нарийн өрөөнд шүүгчийн туслахууд суудаг аж. Ердөө 62.3 ам.метр өрөөний хоёр захаар ширээ, сандал эгнүүлж, голоор нь иргэд явах зай гаргажээ. Гэвч голын эгнээ бөгс эргэх шахам зайгүй, автобус аятай нарийхан юм. Тиймээс иргэд шавааралдаж, хамаг уур бухимдлаа туслахуудад гарган, зарим нь хатуу үг чулуудах аж. Үйлчлүүлэгчийн хэлснээр жоом гүйлддэг, эл жижиг өрөөнд 14 шүүгчийн туслах бөөрөө нийлүүлэн, тохой залган суудаг. Уг нь эл шүүхэд шүүгчийн 17 туслах ажилладаг. Гэвч жижиг давчуу өрөөндөө багталцахгүйн улмаас гурав нь “жийгдэж” өөр өрөөний булан тохойд “шингэжээ”.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-т зааснаар иргэд өв залгамжлал, гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн харилцаа, гэрээ хэлцэл, эрэн сурвалжлах ажиллагаа, гэм хор арилгуулахтай холбоотой гомдол маргаан, нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэй. Хамгийн гол нь нэхэмжлэл гаргагч иргэн өөрийн болон хариуцагчийн овог нэр оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаараа нэхэмжлэл дээр үнэн зөв бичихээс гадна хэнээс юуг, ямар үндэслэлээр нэхэж буйгаа тодорхой дурдах ёстой. Дээр нь нотлох баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн хуудас зэргээ нэхэмжлэлдээ хавсаргаж, гарын үсэг зурж, баталгаажуулах нь чухал. Мөн нэхэмжлэл гаргаж буй он, сар, өдрөө бичнэ. Иргэдийн олонх нь энэ бүхнийг мэддэггүйгээс туслахуудын ачаалал нэмэгддэг нь харагдсан. Тодорхой хэлбэл, дээр дурдсан бүхнийг шүүгчийн туслахууд нэхэмжлэл гаргагч иргэнд нэг бүрчлэн хэлж өгдөг юм билээ.

 

       Миний дагаж “ажилласан” хүн бол Г.Бямбажаргал шүүгчийн туслах Н.Нарантуяа. Өнөөдөр Г.Бямбажаргал шүүгч таван шүүх хуралтай. Тиймээс туслах нь таван шүүх хуралд бэлтгэнэ гэсэн үг. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан тул эхний шүүх хурал хойшлов. Туслах хэргийн  оролцогч талуудад эрх үүргийг нь сануулаад, дараагийн шүүх хурлын товыг хэллээ. Өмнөө өчнөөн ажилтай түүнд давхар ажил ногдов. Түүнтэй тохой залган суудаг туслах өнөөдөр сургалттай гэнэ. Тиймээс Н.Нарантуяа өнөөдөр өөрийнхөө ч өрөөлийн ч ажлыг зэрэг амжуулах нь.

 

 

 

       Ингээд тэрбээр шүүгчийн туслах Б.Бадамхандыг орлож, 13.30 цагийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралд бэлтгэх болов. Улмаар нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд хэргийн оролцогч нарыг нэг бүрчлэн дуудлаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг “Иргэн-2014” программаар шүүгч нарт хуваарилж, шүүгч иргэний хэрэг үүсгэх, эсэхийг долоо хоногийн дотор шийддэг. Бүрэлдэхүүнтэй хэрэгт шүүх бүрэлдэхүүний шүүгчийг сугалаагаар сугалж хуваарилдаг аж.

 

       Тухайлбал, дээрх хуралд оролцох шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч өвдсөний улмаас акт авчээ. Түүнийг орлох шүүгчийн нэрийг сугалаагаар тодрууллаа.  Д.Батцэцэг шүүгчийн нэр сугалагдсанаар Н.Сарангүн, Б.Цолмонгэрэл шүүгч нар нэг бүрэлдэхүүн болж “.....” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцэхээр боллоо. Н.Нарантуяа сугалсан шүүгчийн нэрийг албажуулахаар Ерөнхий шүүгчийн өрөө рүү чавхадлаа. Ерөнхий шүүгч захирамж гаргаснаар өвчтэй шүүгчээ нөгөөгөөр сольж, сургалттай туслахаа хажуудахаар нь орлуулснаар шүүн туслах ажиллагаа тасалдсангүй.

 

       Дээр дурдсанчлан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх 17 туслахтай. Тэдний дунд албаны гурван гар утас бий. Эл утсаар туслахууд хэргийн оролцогч нарыг дуудах, хариуцагчаас хариу тайлбар нэхэх, хурлын тов мэдэгдэх, шүүх хуралтай холбоотойгоор эрх үүргийг нь сануулж, утсаа авахгүй бол мессеж бичих зэрэг ажлыг амжуулах учиртай. Н.Нарантуяа хувийн утсаараа дээрх ажлуудыг амжуулах аж. Түүний хийж гүйцэтгэх ёстой ажлууд найман цагт яагаад ч амжихгүй санагдсан. Үнэхээр ч тийм гэнэ. Тэрбээр бичиг цаасны ажлуудаа ажлын цаг дууссаны дараа эмхэлсээр, 23.00 цагт харих нь энгийн үзэгдэл аж.

 

       Н.Нарантуяа 08.00 цагт ажилдаа ирэнгүүтээ шүүгчээс өгсөн нэхэмжлэлийг авч, мэдэгдэх хуудаснуудаа бичнэ. Мөн хэрэг үүсгэх шүүгчийн захирамжийг албажуулна. Улмаар иргэний хэрэг үүсгэсэн баримтуудыг нэгтгэж, хавтаслана. Хэргийн оролцогч нартай ярина. Утсаар ярихаас гадна завсар зайгаар нь шүүхэд ирсэн бусад хэргийн оролцогч нартай уулзан, элдэв мэдээлэл өгнө. Тэд утсаар ярилаа гэж туслахыг загнах нь энүүхэнд. Тэрбээр өдөрт хэргийн оролцогч нартай хэдэнтээ ярьж, хэргийн ажиллагаанд оролцохыг хуулийн дагуу сануулна. Мөн хариуцагчид нэхэмжлэл гардуулж, баримтад гарын үсэг зуруулна. Эрх үүргээс гадна нөлөөллийн мэдүүлгийг танилцуулна. Хариу тайлбар өгөхгүй бол араас нь дахиад утсаар ярсаар залгах гээд өдөрт амжуулах ажил мундахгүй. Баримтуудаа шүүгчээр баталгаажуулж архивд шилжүүлнэ. Эрхзүйн актын өнгөн хувиудыг 14 хоног тутамд архивлана. Shuuh.mn сайт руу хэргийн материал оруулна. Дээр нь хосууд гэрлэлтээ цуцлуулахтай холбоотойгоор бага насны хүүхдүүдээс нь санал авна. Зарим тохиолдолд хэргийн оролцогч нарын хүсэлтээр үзлэг хийнэ. Өөрөөр хэлбэл, гэрээ хэлцэл хийгээгүй, мөнгө шилжүүлсэн шилжүүлээгүй гэх маргаан гарвал тухайн нэхэмжлэгчийн компьютерт үзлэг хийж, хоорондоо харилцсан чат болон илгээсэн и-мэйл зэргийг нь баримтжуулж авдаг аж. Энэ мэтээр Н.Нарантуяа нэхэмжлэгч нарт эрх үүргийг нь тайлбарлан, өөрөө баримтаа бүрдүүлэх ёстойг сануулж, элдэв захирамж, албажуулахаар Ерөнхий шүүгчийн туслах руу гүйнэ. Ер нь л шүүхийн хоёр давхар байраар дээш, доош зогсоо зайгүй жирийлгэнэ. Хамрын үзүүрт нь хөлс бурзайх, түүнийг би унага шиг л дагасан. Өдөртөө амжуулахын аргагүй их ажлаас нь гадна өөр зүйл анхаарал татсан юм. Тодорхой хэлбэл, түүнийг дагаж орж, гарсан бүхий л өрөө хэтэрхий жижиг байв. Хамгийн томдоо орох сургалтын заал нь 63 ам метр гэсэн. Ам бүл 64-үүлээ шүүхийнхэн эл өрөөнд цуглаж, дотоод ажлаа ярина гэвэл багтахааргүй жижиг аж. Ерөнхий шүүгчийнх нь өрөө үүнээс гурав дахин жижиг юм билээ. 1975 онд баригдаж, ашиглалтаас гараад олон жил болсон барилгыг дахин зассан эл хоёр давхар барилгыг сард 9.6 сая төгрөгөөр түрээсэлдэг аж.

 

 

     

 

        Хэргийн оролцогчид туслахууд руу зогсоо зайгүй утсаар залгана. Ирж зарим нь загнана. Н.Нарантуяа хариуцагч, нэхэмжлэгч рүү ярьж, уулзаж, бас хэдэн хэргийг шүүх хуралдаанд бэлтгэж амжив. Туслахын дэргэд сандал тавиад суух ч зай алга. Тиймээс ард нь сандал тавиад бараадаж суув. Н.Нарантуяагаас зарим зүйлийг тодруулж, тайван ярилцах ч боломжгүй юм. Гэр бүл цуцлуулахтай холбоотойгоор нэгэн залуу туслахтай уулзахаар иржээ. Зай талбай багатай давчуу өрөө тул түүний яриа бүх хүнд сонсогдов. Хүүхдээ өөр дээрээ авч үлдэх хүсэлтэй залуу өөрөө ч мэдэлгүйгээр бүгдийн дэргэд амьдралаа тоочно. Туслахуудын өрөөнд ирсэн хүмүүсээс зарим нь түүнийг өрөвдсөн харцаар ширтэнэ. Хэрэгт дурласан нэг нь залууг анхааралтай ажих аж.

 

       Ингээд дээр дурдсан бүрэлдэхүүнтэй шүүх хуралд орох цаг болов. “....” ХХК-аас нэхэмжлэл гаргаж хуучин нягтлангаа мөнгө завшсан хэмээн хариуцагчаар татжээ. Эл хэргийг өмнө нь шийдэхдээ нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй гэнэ. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэсэн магадлал гаргажээ.

 

       Тиймээс эл хэргийг дахин хэлэлцэв. Шүүх хурлыг Н.Сарангүн шүүгч даргалав. Шүүх хуралд ШШҮХ-гээс шинжээч иржээ. Гэвч нэхэмжлэгч тал аудитын компанийн хоёр шинжээчийг оруулах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг энэ сарын 30 хүртэл хойшлуулав. Шүүх хуралд шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч, хариуцагч, хоёр өмгөөлөгч гэхчлэн 9 хүн орсон. Өрөө хэтэрхий жижиг тул цонх онгойлгоод ч нэмэргүй, давчуу бүгчим аж. Тиймээс дараагийн шүүх хуралд оролцогчид “Эвгүй үнэр үнэртлээ” хэмээн хэсэг азнаад дараа нь танхимд орсон.

 

       Өмнө нь ажлын шугамаар Эрүүгийн болон захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан удаатай. Шүүх хуралдааны танхимууд голчлон хоёр хаалгатай байдаг. Хэргийн оролцогчид төв, шүүгч нар арын хаалгаар танхимд орж, гардаг юм. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлын танхимууд хэт давчуугаас гадна нэг л хаалгатай. Тиймээс шүүгч нар хэргийн оролцогч нартай нэг хаалгаар зэрэгцээд орж, гарч байлаа. Иргэний хэргийн шүүхүүд нэгдүгээрт, маш ачаалалтай ажилладаг, хоёрдугаарт, ажлын орчин нөхцөл үнэхээр тааруу ажээ. Гуравдугаарт, туслахуудын цалин маш бага юм билээ.

 

       Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр ажилтай иргэдийн дундаж цалин 1.5 сая гэх. Харин шүүгчийн туслахын цалин 750 мянган төгрөг. Олон нийтийн ярьж, бичдэгээр бол туслахууд хоёр сая төгрөгийн цалин авдаг байх учиртай. Харин бодит байдалд энэ нь ташаа мэдээлэл аж. Уг нь Шүүхийн тухай хуульд заасны дагуу УИХ-аас тогтоол гаргаж, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилтнуудын цалинг нэмэхээр болсон. Гэвч энэ тогтоол амьдралд хэрэгжээгүйг сурвалжилга хийх явцдаа мэдлээ. Тодорхой хэлбэл, Сангийн яам төсөв байхгүй хэмээн УИХ-ын тогтоол  хэрэгжихгүй өнөөдрийг хүртэл гацаж байгаа гэнэ.

 

       Н.Нарантуяа үдийн хоол битгий хэл, цэвэр ус ч балгах завгүй гүйсээр үд өнгөрч 15.30 цаг болов. Би Н.Нарантуяаг түр орхиж, шүүх хуралд оров. Шүүх хурлын танхим түрүүчийнхээсээ хоёр дахин бага зайтай аж. Иргэн У-г хариуцагчаар татсан “.....” компанийн нэхэмжлэлтэй түрээсийн мөнгө гаргуулах иргэний хэргийг шүүгч Г.Бямбажаргал хянан хэлэлцэв. Нэхэмжлэгч хариуцагч нар бие биеийнхээ үгийг үл сонсож, маргаж, шүүхийг үл хүндэтгэв. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.Өөрөөр хэлбэл, иргэн У-г түрээсийн мөнгөө төлөх нь ёстой гэж үзлээ.  

 

 

     

 

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийнхэн энэ мэтээр ачаалалтай ажилладаг аж. Гэвч тэдний хэлснээр энэ сар хамгийн ачаалал багатай үе гэнэ. Бусад үед нэг шүүгч өдөрт багадаа 20 хэрэг шийддэг аж. Харин миний харснаар Н.Нарантуяа энэ өдөр хамгийн багадаа 20 хүнтэй уулзаж, 50-аас доошгүй удаа утасны дуудлага хийж, бас хүлээн авсан. Мөн дээр дурдсан ажлуудыг шалмаг гэгч нь амжуулсан билээ. Гэхдээ Н.Нарантуяа ачаалал ихтэй боловч энэ ажилдаа дуртай гэсэн. Гол асуудал нь цалин багатай тул амьдралд хүрэлцээ муутай гэнэ. Дуртай ажлаа хийхэд давчуу өрөө, хуучин ширээгээр шалтагласангүй. Тиймээс энэ л шүүхдээ найман жил ажиллажээ. Харин түүнтэй зэрэгцэж, эсвэл сүүлд орсон олон олон туслах ажилдаа түүртээд, цалингаа голоод явсан гэх. Шүүхүүдээ энэ янзаараа шоовдорлосоор байвал хүний нөөцийн хомсдолд орж мэдэх л юм хэмээх бодол тээсээр шүүхээс гарсан билээ. Ингэх аваас шүүн таслах ажиллагаа тасалдаж, иргэдийн эрх ашиг хохирох гэмтэй.

 

Сэтгүүлч Д.Мягмаржаргал 

 

 

Эх сурвалж: https://unuudur.mn/