IMG-LOGO
 2021-07-22

“Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн ард...

 

“Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн ард...

 

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Монгол Улсад энэ хуулийг 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд баталж байв. Хууль хэрэгжих бүрд ял эдэлж буй хүн бүрийг “Амьдралд тавтай морил” гээд явуулчихдаг мэтээр шүүмжлэл өрнөсөөр ирсэн. Хуулийн байгууллага хэнийг, хэрхэн “өршөөж” буйг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сурвалжиллаа. Энэ шүүхэд 441 дүгээр нээлттэй хорих анги, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 421 дүгээр нээлттэй хорих анги, 409 дүгээр хаалттай хорих анги, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага буюу Хүүхдийн хорих анги харьяалагддаг.

 

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ЯЛААС ХОЁР ЖИЛ ХАССАН Ч НАЙМАН САРЫН ХУГАЦАА ҮЛДЭВ

 


 

Цүдгэр гэдэстэй, тулгар биетэй эмэгтэйд өршөөл үзүүлэх эсэхийг хэлэлцэх шүүх хурал болов. Энэ бүсгүй 27 настай, долоон сартай жирэмсэн, Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жил 1 сарын хорих ял сонсжээ. Бүсгүй автомашин жолоодон явахдаа болгоомж алдаж, хүний амь хохироон, хэргийн газрыг орхин явсан гэм буруутай.

“Монгол Улсын нэрийн өмнөөс…” гэж шүүгч шийдвэрээ уншин, алх цохиж хэргийг дэнсэлснээс хойш бүсгүй дөрвөн сар 13 хоногийг хорих ангид өнгөрүүлсэн. Түүний эдлээгүй үлдсэн ялын хугацаа 2 жил 8 сар 17 хоног. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн гэмт хэргийн зүйл анги “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д багтсан тул хоёр жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэв. Шүүхээс дээд тал нь хоёр жилийн ялыг өршөөн хэлтрүүлж байна. Үүний дараа түүнд үлдсэн биеэр эдлэх ялын хэмжээ найман сар 17 хоног. Хэрэв хохирлыг бүрэн барагдуулж дууссан тохиолдолд бүсгүйд Хянан магадлангийн шүүх хурлаар орох эрх үүсаж, гэртээ харих боломжтойг шүүгч тайлбарлалаа. Харин хохирлыг бүрэн төлж барагдуулахгүй бол хоёр сарын дараа амаржаад хорих ангид хүүхдийн хамт ял эдлэх нь. 

ӨРШӨӨЛӨӨР ХЭНИЙГ СУЛЛАЖ БАЙНА ВЭ: 16 НАСТАЙ ХҮҮ ААВ ЭЭЖДЭЭ ОЧИВ

16 настай О хүү хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хоёр жил 8 сар 7 хоног хорих ял сонссон. Тэр нэг жил 6 сар 17 хоног ял эдэлсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй тул шүүгч нэн даруй суллахаар шийдвэрлэв. Учир нь өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, мал хулгайлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заажээ.

О хүүгийн адил саваагүй, томоогүй алдаанаас болж амьдралд хөл тавьж амжилгүй эрх чөлөөгөө хасуулсан тохиолдол олон. Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамир “Манайд хоёр хүүхэд хорих ял аваад ирсэн. Тэд дэлгүүр ортол худалдагч нь эзгүй байсан тул талх, хиам зэрэг идэх юм хулгайлжээ. Хулгайлсан зүйлийн үнэ 38 мянган төгрөг. Гэвч тэд хулгай хийсэн тул 1-1.6 жилийн хорих ял авсан. Энэ мэтчилэн гэмт хэргийн үр дагаврыг мэдэхгүйгээс ял авсан, харамсмаар хүүхдүүд ирдэг. Эрх чөлөөгөө хасуулна гэдэг хамгийн том залхаан цээрлэл шүү дээ” хэмээн ярив.

Ямартай ч “Өршөөл үзүүлэх тухай хууль” хэрэгжсэнээр 16 настай О нэг жил 2 сарын өмнө суллагдаж ижий, аавынхаа хараа, хяналтад очлоо. 

 

ӨРШӨӨЛӨӨР ХЭНИЙГ СУЛЛАХГҮЙ ВЭ: Б.МАХБАЛД "ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ" ҮЙЛЧЛЭХГҮЙ

 


 

Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, хүнийг алах болон хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож ял сонссон хүнд “Өршөөл үзүүлэх тухай хууль”- үйлчлэхгүй.

Үүнд олны анхаарал татсан хэргээс иш татвал 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалд шүүхээс 11 жилийн ял оноосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/ “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдахгүй тул оноосон Б.Махбалд оноосон ялаас  хасахгүй.

 

З.БАЯРЖАРГАЛ: ШҮҮХЭЭС ЯЛ ОНООСОН Ч "ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ"-ИАР СУЛЛАГДАЖ БАЙНА

 


 

“Өршөөл үзүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойш шүүхийн ачаалал эрс нэмэгдэв. Баянзүрх дүүргийн нэг шүүгч энэ сарын 2-ноос хойш дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялаас хэлтрүүлэхээр прокуророос ирүүлсэн 528 хүнийг ялаас өршөөн хэлтрүүлжээ. Тухайлбал Эрүүгийн хуулийн 11.6 зүйл /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ ангитай хүнд оноосон зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялыг өршөөсөн байна. 

Өршөөлийн хууль батлагдахаас өмнө гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хүмүүс аль болох шүүх хурлаа хойшлуулахыг хичээдэг байж. Харин энэ хууль хэрэгжсэнээр шүүх хурлаа яаравчлахыг хүсдэг болжээ. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргалаас тодрууллаа.

-Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр нэг шүүгч өдөрт хэдэн шүүх хурал хэлэлцэж байна вэ?
-Энэ сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор шүүхийн ачаалал ихэссэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 шүүгчтэй. Хэрэг шүүхэд шилжиж ирсэн хугацаанаас хамаараад шүүх хуралдааны тов зарладаг болохоор нэг шүүгч өдөрт хэдэн хурал зарлаж байгааг тодорхойлох боломжгүй. 

-Хууль хэрэгжиж эхэлснээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт багассан уу?
-Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах тохиолдол байсан. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах зүйл ангиар зүйлчлэгдсэн яллагдагч, шүүгдэгч нар өршөөлд хамрагдах хүсэлт, бусдад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, хэргээ хурдан шийдүүлэх хүсэлтийг ихээр гаргаж байна.

-Тухайлбал өнөөдөр шүүх хурлаар иргэнд нэг жилийн ял оноолоо. Гэхдээ хэргийн зүйл анги нь "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д багтсан бол оноосон ялыг хүчингүй болгох уу?
-Энэ сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хөнгөн гэмт хэргийг бүгдийг нь өршөөн хэлтрүүлж, ялаас өршөөн хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэдгээр нь манайх ял шийтгэгдсэн хүний тэмдэглэлийг үйлдээд Цагдаагийн ерөнхий газар руу хүргүүлдэг. Тухайн хүний ял шийтгэгдсэн эсэх лавлагаан дээр "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамрагдсан гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Өршөөлийн тухай хуулийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой. 

Эх сурвалж: https://gogo.mn/r/50l3n /2021.07.29/